ХҮСЭЛТ ГАРГАГЧ ТАНД

Сургалт "Суралцагч Төв"-тэй явагддаг учир бидний чиглүүлэг, таны хичээл зүтгэлээс шууд хамааран үр дүн гарна

Brain Evolution хөтөлбөр

      Өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, оюунлаг, эрүүл чийрэг залуус эх орны ирээдүй, чадварлаг боловсон хүчин билээ. Бид салбартаа анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөрөөр өрсөлдөх чадвартай, оюунлаг, Монголын боловсон хүчинг бэлтгэхэд чиглэгдсэн оюутан залуус, ажил эрхэлдэг хүмүүс мөн өсөлтөд сэтгэлгээтэй эцэг эхчүүдийг дэмжихээр Англи хэл болон Дотоод ур чадварын цогц сургалттай жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

      Чанарыг эрхэмлэн үр дүнд суурилсан Brain Evolution хөтөлбөрийн мөн чанар нь хүн бүрт суралцах тэгш боломжийг олгох, нийгмийн суралцах идэвхийг өрнүүлэх, бодит үнийн жишигтэй, хамгийн гол нь чанартай боловсролыг бий болгоход оршино.  

      Brain evolution хөтөлбөрийн хүрээнд ярианы англи хэл /6 түвшин/ эзэмшихийн зэрэгцээ клуб, идэвхижүүлэлтэд хамрагдах, багаар ажиллах, харилцааны ур чадвар, цагийн менежмент, манлайлах ур чадварт суралцах цаашлаад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгохоор ажиллаж байна.

НЭГ. “Brain evolution” Хөтөлбөрт Хамрагдах Журам

 

1.1 Дараах болзолыг хангасан тохиолдолд Brain evolution хөтөлбөрийн сургалтын хөнгөлөлт олгоно.

Шинэтгэн сайжруулсан дэвшилтэд аргаар хэл сурах хүсэл эрмэлзэлтэй байх

Дэвшилтэд арга гэдгийг бидний өөрсдийн эх хэлээ сурсан төрөлх арга гэж бас ойлгож болно. Энэ аргын гол мөн чанар нь мэдээллийг чихээрээ хүлээн авч тодорхой алхмуудын тусламжтайгаар амнаасаа гаргах буюу ярьж сурахад оршино. Хөтөлбөрийн хүрээнд та өмнө сурч, мэдээлэл, мэдлэгийг хүлээн авдаг байснаас эрс өөр үйлдлээр буюу сонсох-давтах гэсэн зарчимд тулгуурлаж ярианы хэлийг эзэмших юм. Тэгэхээр та ийм аргаар хэлийг эзэмших хүсэлтэй байна уу?

Хөтөлбөрийн сургалтын арга барил, дэвшилтэд аргын тухай дэлгэрэнгүйг Soundcloud-оос сонсоно уу.

Хариуцлагатай байх

Хариуцлага гэдгийг зөвхөн өөрийнхөө өмнө хүлээсэн бус бусдын өмнө хүлээж буй хариуцлага гэдгээр ойлгоорой. Учир нь хөтөлбөрийн хүрээнд баг, хамтын үйл ажиллагаагаар зорилгодоо хүрэхэд тулгуурлаж байгаа. Жишээлбэл: Та BRAIN EVOLUTION гэдэг завин дээр зорилго нэгтэй хамт олонтойгоо хамт нэг нэг сэлүүртэйгээр зорилгодоо хүрэхээр хамтдаа жилийн турш тасралтгүй сэлүүрдэхээр далайн эргээс хөдөллөө гэж төсөөлье. Багш яаж хэрхэн сэлүүрдэх, юун дээр анхаарах, яавал илүү байх талаар чиглүүлэх ЧИГЛҮҮЛЭГЧ. 3-4 сар тасралтгүй амжилттай сэлүүрдлээ. Магадгүй нэг өдөр хэн нэгэн сэлүүрдэхээ зогсоовол завь буруу тийшээ хазайх, хүрэх газраа очтол төөрөх юмуу очиж чадахгүй замдаа гацах эрсдэлтэй. Энэ нь та зөвхөн өөрөө өөртөө хариуцлага алдаж буй хэрэг биш, сууж яваа завиныхаа өмнө, чиглүүлж яваа багшийнхаа өмнө, хамгийн гол нь зорилго нэгт хамт олныхоо өмнө хариуцлага алдаж буй хэрэг болно. Та хариуцлагатайгаар өдөр бүр, чармайн сэлүүрдэж чадах уу? Үүнд бэлэн байна уу?

Тууштай байх

Жилийн хугацаанд цагаан сар, наадам, шинэ жил мөн зуны амралт болдог. Хэрэв та хөтөлбөрт хамрагдвал нэг жилийн зуны амралтыг сурч, хөгжихөд зарцуулах хэрэгтэй болно. Мөн нийтийн баяр ёслолоор хуулийн дагуу амрах ёстой хэдэн өдөр амраад хөтөлбөрөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Магадгүй та тодорхой хэмжээгээр өөрийн амралтдаа өөрчлөлт оруулах байх, үүнд бэлэн үү?

Сурч боловсрох өндөр сэдэлтэй байх

Тухайн хүний сурах сэдлийг ажил эрхэлдэг, оюутан залуус, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдэд арай өөр өөр асуулгаар тодруулж байгаа.

Оюутан залуусын хувьд зорилго, зорилт нь хөрсөн дээрээ буюу бодит байдалд хэр нийцэж байгааг тодруулна. Жишээ нь: Дөрвөн хөлтэй ширээ байна гэж төсөөлье. Ширээний дөрвөн хөл нь бүгд хамт байж тогтвортой байдагтай адил таны тодорхой нэг зорилгод хүрэхэд доод талдаа дөрвөн хөл байх нь гарцаагүй. Энэхүү дөрвөн хөлний нэг хөл буюу англи хэлийг эзэмшихэд манайх танд туслан дэмжиж нэг хөлийг тань босгож байгаа юм. Мэдээж ганцхан хөлөө босголоо гээд таны ирээдүйн тухайн зорилго бий болохгүй. Тиймээс таны зорилгод хүрэх бусад хөлнүүдээ юу гэж харж байна вэ? Хэрэв босгож байгаа бол юу хийж байна вэ?

Ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд харьцангуй хөрсөн дээрээ буусан, юу хийх, юу хийхгүй, хүчтэй тал юу болох, сул тал юу болох зэргийг мэддэг. Тиймээс тухайн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйтэй уялдуулан тодорхойлно.

Гэртээ хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн хувьд өсөлтөд сэтгэлгээ хэр зэрэг байна гэдгээр түлхүү тодорхойлно.

Зөв хандлагатай байх

Хүн бүр өөр өөр орчин, нөхцөлд өссөн, хүмүүжилтэй, хүрээлэлтэй. Нэг үгээр хэлбэл шинж чанарын хувьд төсөөтэй ч сэтгэлгээний хувьд өөр хоорондоо маш ялгаатай. Тиймээс хамтын ажиллагаагаар зорилгодоо хүрэхэд зөв хамт олон бүрдүүлэх цаашилбал зөв хандлагатай хүн байх нь маш чухал.

Нийгэмд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх

“Brain Evolution program” нь улс төр, шашнаас хамааралгүй ашгийн бус, төрийн бус байгууллага. Нийгэмд буюу хүмүүсийн амьдралд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тиймдээ ч хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчдаа бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсэж байна. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчим Монгол улсын хөгжил дэвшилд нэмэр болох юм.

Жилийн хугацаанд тогтвортой суралцах

Сургалтын зарчим онлайн болон танхимыг хослуулж явуулдгаас онлайн сургалт 7 хоногт 4 удаа, танхимын сургалт долоо хоногт 2 удаа хичээллэнэ. Танхимын сургалтын гариг болон цагыг сонгох боломжтой. Хамгийн гол нь зорилгодоо хүрэх тодорхой хэмжээний гүйцэтгэлийг өдөр бүр хийх шаардлагатай болно. Өдөр бүр суралцах үйл явцдаа цаг зөв гаргаж, тогтвортой суралцаж чадах уу?

16-аас дээш настай байх

16-аас дээш насны ихэнх хүмүүс хэн нэгний шаардлага, шахалтаар биш, өөрсдийн хүсэл тэмүүлэл, зорилгод хөтлөгдөн сурахыг ухамсарласан байдаг учраас насны доод түвшиний хязгаарыг тавьсан болно.

Гадаад хэлний түвшин B1 буюу дундаас доош байх

Хэлний түвшинг ярианы чадвараар тодорхойлно. Хөтөлбөрийн хүрээнд анхан шатнаас эхлэн сургаж үр дүнг гаргахад чиглэсэн учраас “A1-анхан түвшин”, “A2-ахисан анхан түвшин”-тэй хүмүүст зориулсан.

1.2 “Brain evolution” хөтөлбөрт хүрээнд сонгон шалгаруулалт хийж  12 сарын турш англи хэлний сургалтын хөнгөлөлт олгоно.

ХОЁР. Шалгаруулалт

2.1 “Brain evolution” хөтөлбөрийн шалгаруулалтын үйл явц

Нэгдүгээр шат

Энэхүү журмын болзол хангасан хүсэлт гаргагч өөрийн суралцах хүсэлтээ: https://forms.gle/uNoh2yzfQgTaKqkz9 линк дээр дарж бичиж ирүүлнэ.

Хоёрдугаар шат

Шаардлага хангасан хүсэлт гаргагч ярилцлагын цаг товлож биечлэн ярилцлага болон видео танилцуулга авч шалгаруулна.

Баталгаажуулалт

Шалгарсан хүсэлт гаргагч холбогдох материалыг бүрдүүлж ажлын тав хоногын дотор бүртгэлээ баталгаажуулна.

2.2 Бусад мэдээлэл

Тэтгэлэг цуцлах

Захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулийн ёс зүйн болон бусад дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тэтгэлэг олголтыг бүрмөсөн цуцална.

Тэтгэлэгийн тоо хэмжээ

Brain evolution хөтөлбөрийн намрын шалгаруулалт нийт 150 хүнийг доорхи насны ангиллаар сонгож бүтэн жилийн хугацаанд сургалтын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд: 16-21 насны 25 хүн; 22-25насны 30 хүн; 26-32насны 30 хүн; 33-40насны 30 хүн; 41-47насны 18 хүн; 48-аас дээш насны 17 хүн

Сонгон шалгаруулалт хамруулсан болон үлдсэн хүний орон тоог тухай бүрт нээлттэй мэдэгдэнэ.

ГУРАВ. “Brain evolution” хөтөлбөрийн хөнгөлөлтийн хэмжээ

3.1 “Brain evolution” хөтөлбөрт сонгон шалгаруултад тэнцсэн хүмүүс англи хэлний зургаан түвшин, дотоод ур чадварын сургалтад жилийн хугацаатай хамрагдах эрх үүснэ.

3.1.1   Нэг хүнд ногдох сургалтын жилийн нийт төлбөрийн хэмжээ нь 3'500'000 төгрөгөөс 90-95%-н хөнгөлөлтийг эдлэнэ.

3.2 “Brain evolution” хөтөлбөрт шаардлага хангасан хүмүүст хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа бүх үйл ажиллагаа, идэвхижүүлэлт, клубд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

3.3 “Brain evolution” хөтөлбөрийн сургалт "Сургалтын үйл ажиллагааны журам"-ын дагуу явагдах бөгөөд 3.1.1-т зааснаас бусад гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна.

ДӨРӨВ. Сонгон шалгаруултад тэнцсэн хүмүүсийн бүрдүүлэх материал

4.1 Хөтөлбөрт шалгарсан хүмүүс доорхи материалыг бүрдүүлэн өөрийн биеээр хүрэлцэн ирж бүртгэлээ баталгаажуулна. 18 нас хүрээгүй бол өөрийн эцэг эхийн аль нэгэнтэй нь хамт ирж гэрээ байгуулна.

4.1.1   2 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/

4.1.2   Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 2 хувь

4.1.3    Анкет 1 хувь /Brain evolution хөтөлбөрийн багаас авна/

4.1.4   Амлалтын бичиг 1 хувь

4.1.5   Гэрээ 2 хувь /Brain evolution хөтөлбөрийн багаас авна/

4.1.6   Тэтгэлэгээс хамаарч сургалтын төлбөрийн 10-15%-ийг төлсөн байх.

 

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1   Заах хичээлийн нэр: Англи хэл

1.2   Судлах хугацаа: 42 долоо хоног

1.3    “Brain evolution” хөтөлбөрийн сургалт нь англи хэлээр сонсож, дүрмийн дагуу ярьж сурахад чиглэгдсэн танхимын болон онлайн хэлбэрт суурилсан сургалт юм. 

1.4   Энэ журам нь “Brain evolution” хөтөлбөрийн сургалтанд тавигдах үндсэн шаардлагыг тогтоож, сургалт зохион байгуулахад оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.5   Энэ журам нь анханаас ахисан хүртэл нийт 6 түвшиний ярианы хэлний чадварыг олгох тусгай боловсруулагдсан сургалтын хөтөлбөрөөр суралцагчдад англи хэлийг эзэмших тэгш боломжыг олгоход чиглэнэ.

ХОЁР. Сургалтын зорилго

2.1    Англи хэлний хичээлийн уламжлалт арга барилыг шинэчлэн өөрчилж интернет цахим орчинд тулгуурлан, танхим болон цахим сургалтыг үр дүнтэй хослуулах сургалтын шинэлэг, үр дүнтэй аргыг суралцагчдад танин мэдүүлэх, сонсгол ярианы чадварууд дээр суурилан тухайн суралцагчийг дүрмийн дагуу яриулж сургах нэн тэргүүний зорилго юм.

2.2    Энэхүү хөтөлбөрийн сургалтаар хэлийг дэвшилтэд аргаар сургахаас гадна суралцагсадын баг хамтын ажиллагааг хөгжүүлэх, цагын менежмент, харилцааны ур чадвар, манлайлах ур чадвар зэрэг дотоод ур чадварыг дээшлүүлэхэд удаах зорилго оршино.

ГУРАВ. Сургалтын зорилго

3.1  Сургалтын хөтөлбөрт онлайн болон танхимын сургалтыг хослуулсан ярианы англи хэлний a1-анхан, a2-ахисан анхан, b1-дунд, b2-ахисан дунд, b2-c1-ахисан, c1-бизнесийн гэсэн нийт зургаан түвшиний сургалттай. Суралцагчдын түвшин бүрийн онцлогт тохирсон заах арга барил хийгээд англиар яриулж сургах энэхүү дэвшилтэд аргын сургалт нь нийт 42 долоо хоногын хугацаатай бөгөөд зургаан долоо хоногт нэг түвшин ахиулахад чиглэгдсэн хөтөлбөртэй.

3.2   Хичээлийн агуулгыг тодорхой сургалтын туршлага шинэлэг арга зүй дээр тулгуурлаж бий болгосноороо онцлог бөгөөд өмнөх уламжлалт танхимийн сургалтын унших бичих дээр тулгуурладагын эсрэг үйлдэл буюу сонсгол яриан дээр тулгуурласанаараа ач холбогдолтой. 

3.3  Сургалтын ерөнхий агуулга,  сонсох-давтах үндсэн хоёр зарчимд чиглэгдсэн  найман алхам дээр тулгуурлаж  үгийн сан, сонсгол, бичвэр, ярианы сургалт, ярианы дадал, дүрмийн тайлбар, дасгал ажил, сорил гэсэн үндсэн бүрэлдхүүнтэй. Танхимын сургалтын мөн чанар нь хэл сурахад тулгарч буй  бэрхшээл, айдас асуудал, эргэлзээтэй зүйлсийг суралцагч  тус бүрээс олж илрүүлэх, зөв чиглүүлэхэд оршино.

3.4    Түвшин бүрт боловсруулсан сургалтын календарчилсан болон сэдэвчилсэн хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулна.

ДӨРӨВ. Сургалтын арга зүй

4.1  Бичих-унших дээр бус сонсох-давтах дээр суурилсан сургалт маань зөвхөн танхимд хичээллэх, нэг хэвийн хэвшмэл сургалтын хөтөлбөрийг эсрэг буюу төрөлх аргаар хэлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ суралцагч бүрийн айдас бэрхшээл, саадуудыг тодорхойлж давуу болон сул тал дээр түлхүү чиглэгдсэн уян хатан сургалтын арга зүйтэй.

4.2   Англи хэлний жилийн хугацаатай хөтөлбөрийн сургалтыг эзэмшүүлэхдээ дотоод ур чадвар (багаар ажиллах, харилцааны гэх мэт), хандлага, төлөвшилийг эзэмшүүлэх, багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтын зарчимд шилжих, онолын мэдлэгийг практик чадвар, хэрэглээтэй хослуулан олгох, сургалтад орчин үеийн мэдээлэл, холбооны технологийн өргөнөөр ашиглах, уламжлалт танхимийн сургалтыг цахим сургалтын технологитой хослуулан бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, үр дүнг төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын түвшингээр үнэлж тогтоох зэрэг арга зүйгээр сургалтыг явуулна.

4.3  Жилийн хугацаанд үргэлжлэх англи хэлний сургалтыг үр дүнтэй чанартай байлгах үүднээс  төгөлдөр хуур, гитар тоглох, ширээний теннис, дартс, ширээний хөл бөмбөг тоглож хөгжилдөх, дуу дуулах, бүжгээр хичээллэх, кино үзэх, чөлөөтэй ном унших, бусадтайгаа хичээлээ давтах, хамтран хөгжих, бие биенээ дэмжих, бусдаасаа суралцах, санаа бодлоо хуваалцах зэргээр хамтын ажиллагаагаа суралцагчидыг зугаатай, хөгжилтэй, идэвхитэй байдлыг хурцалж зогсолтгүйгээр урагшлах,  суралцах процессыг дэмжихээс гадна тархины үйл ажиллагааг сэргээх, цусны эргэлтийг сайжруулах, стрессийг тайлах гэх мэт оюуны, биеийн дасгал хөдөлгөөнөөр тасралтгүй суралцах үйл явцыг идэвхижүүлнэ.

ТАВ. Суралцагчдыг үнэлэх журам  

4.1  “Brain evolution” хөтөлбөрийн бүх түвшиний сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу суралцагчийн цогц чадамжийг үнэлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

4.2   Журмын хэрэгжилтэнд үйл ажиллагаа хариуцсан менежер, хариуцсан багш нар хамтран хяналт тавина.

4.3  Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь хоёр үе шаттай.

Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр суралцагч эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд хэрхэн сурч хөдөлмөрлөснөө, тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг төвшин ахих шалгалтын 30 хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ. Эдгээрийн нийлбэрийн 100 хүртэл оноог лавлах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. Ингэхдээ ирц 10%, хичээлийн идэвхи оролцоо 20%, бие даалт 40%, түвшин ахиулах шалгалт 30% зэргийн нийлбэрээр гарна.

4.4  Хичээлийн явц болон шалгалтын нийлбэр дүн 80% ба түүнээс дээш тохиолдолд тухайн түвшинд тэнцсэнд тооцож дараагын түвшинд суралцана.

4.5  Явцын идэвхи оролцоогоор тэргүүлж байгаа суралцагч бүрт ярианы дадлын хөтөч номыг бэлэглэнэ.

4.6  Хичээлийн явцын процентон дүн 60%- аас бага тохиолдолд явцын үнэлгээг үл тооцов гэж тэмдэглэн шалгалтанд оруулахгүй ба хөнгөлөлтэй суралцах эрхийг зогсооно.

4.7  Багш суралцагчидын явцын үнэлгээг сар тутам, нэгдсэн шалгалтын үнэлгээг улирал тутам сургалтын програмд оруулна.

4.8  Хичээл заасан багш дүнгийн хуудсаа шалгалт авах, дүн тооцох долоо хоногт багтаан сургалтын програмаас хэвлэн гаргаж сургалтын менежерээр баталгаажуулсан байна.

4.9  Суралцагчидын мэдлэг, ур чадвар, хандлагыг дүгнэх арга хэлбэр нь хичээлийн стандарт хөтөлбөрт тусгагдсан байх ба хүснэгт 1-т заасан стандарт үнэлгээг хэрэглэнэ. Суралцагчийн сурлагын чанарыг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн (ҮГД) мөн.

4.10  Суралцагч F үнэлгээ авсан тохиолдолд нэмэлт сургалтаар дахин судалж сурна. Нэмэлт сургалтын зардлыг суралцагч өөрөө хариуцна.

ЛАВЛАХ ХҮСНЭГТ  

Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүнг тооцохдоо, хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн тодорхойлно. Суралцагчидын тус бүрийн явцын шалгалтын дүн, нэгдсэн шалгалтын дүнг гаргасны дараа оюутны дүнгийн хуудсыг хэвлэж, хувийн хэрэгт хийнэ. Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ Тухайн улирлын эцэст Суралцагч бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд:

Е   шалгалт өгөөгүй,

R   Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн,

W  Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан,

ЗУРГАА. Суралцагчдын эзэмших мэдлэг, чадвар  

A1 анхан түвшин  Хэлний ойлголт хязгаарлагдмал юмуу үсэг, ойр зуурын үг, дүрмээ мэддэг ч түүнийгээ илэрхийлж ярьж чадахгүй байгаа хүмүүст чиглэгдсэн. To be үйл үгийн хэрэглээнд харилцах суурь тавигдах ба өдөр тутмын хэллэг, илэрхийлэл, энгийн өгүүлбэр зэргийг ашиглаж санаагаа илэрхийлж сурна. 72 цагын сургалттай 24 нэгж хичээл

A2 ахисан түвшин   Англи хэлний суурь ойлголттой хүмүүст чиглэгдсэн. Өдөр тутмын үйл хэргийн талаар мэдээлэл солилцох, нийтлэг илэрхийлэл, өгүүлбэрээр харилцах болон ойлгох чадвартай болно. 72 цагын сургалттай 24 нэгж хичээл

B1 дунд түвшин  Англи хэлэнд тодорхой туршлагажсан хүмүүст чиглэгдсэн. Мэргэжлийн бус сэдвийн хүрээнд энгийн боловч дэс дараалалтай, дүрмийн дагуу ярилцан ойлголцох чадвартай болно. 101 цагын сургалттай 24 нэгж хичээл

B2 ахисан дунд түвшин  Англи хэлний ярианы чадвар сайтай бөгөөд илүү сайжруулах хүсэлтэй хүмүүст чиглэгдсэн. Тодорхой болон тодорхой бус сэдвийн хүрээнд дахь гол санааг бүрэн ойлгох бөгөөд тод, төвөггүй харилцан ярилцах чадвартай болно. 115 цагын сургалттай 24 нэгж хичээл

B2–С1 ахисан түвшин  Англи хэлний чадвараа ахисан түвшинд хүргэх хүмүүст чиглэгдсэн. 130 цагын сургалттай 24 нэгж хичээл

C1 бизнесийн түвшин  Бизнесийн хүрээнд өөрсдийн хэлний чадвараа сайжруулах хүсэлтэй ахисан түвшиний хүмүүст чиглэгдсэн. Мэргэжлийн юмуу академийн хүрээлэлд сонссон бүхнээ ойлгохын зэрэгцээ өөрийгөө итгэл төгс илэрхийлэх чадвартай болно. 115 цагын сургалттай 24 нэгж хичээл

ДОЛОО. Хичээллэх цагын хуваарь  

Хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа суралцагсад долоо хоногт заавал 2 удаа танхимын ярианы дадал, 4 удаа онлайн хичээлийг зааврын дагуу хийж гүйцэтгэсэн байх.

ХОЛБОО БАРИХ

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар

​​

Утас: 9997 4857, 9653 5500​

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • Black YouTube Icon
  • SoundCloud

САНАЛ, ХҮСЭЛТ